Зах Зээлийн 7 Хоногийн Тойм 12/11-12/17

ДОТООД МЭДЭЭ🇲🇳
📌Монголбанк бодлогын хүүг 13.0%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурласан болно. Үүнд, ирэх онд Дэлхийн ДНБ-ний өсөлт саарах, геополитикийн хурцадмал, түүнээс үүдэн дэлхийн томоохон улсуудын Төвбанк бодлогын хүүг өндөр түвшинд байлган, мөнгөний хатуу бодлого үргэлжлэх хүлээлттэй байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн хүлээлт тааруу байгаа нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлснөөр тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхээр байна. Дотоод зах зээлийн тухайд эдийн засаг өсөлт өндөр байгаа ба үүнд уул уурхай болон тээврийн салбарын өсөлт чухал нөлөө үзүүлсэн, инфляц 11 сарын байдлаар 8.6 хувьд хүрсэн, гадаад валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжиж байна. Гэвч төсвийн зардлын өсөлт, цалин тэтгэврийн өсөлт нь эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байна хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв.
📌Мөн бодлогын хүүг сүүлийн 12 сар дараалан 13 хувьд хэвээр хадгалагдаж байгаатай зэрэгцээд банкны салбараас аж ахуйн нэгжид олгох зээл олголт харьцангуй буурч байгааг Төвбанк онцлов. Тодруулбал: 11 сарын эцсийн байдлаар хувийн байгууллагад олгосон зээл өмнө оны мөн үеэс 4.2 хувиар, иргэдэд олгосон зээлийн хэмжээ 32.4 хувиар өссөн байна.
📌Монгол улс 2023 оны эхний 11 сарын байдлаар нийт 162 улстай гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт экспорт 13.8 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл өмнө оны мөн үеэс 65.9 хувиар өсөж 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌АНУ-ын Хэрэглээний Үнийн Индекс(ХҮИ) 11 сарын байдлаар шинжээчдийн хүлээлтийн дагуу өмнө жилийн мөн үеэс 3.1 хувиар, өмнө сараас 0.1 хувиар өссөн байна.
📌Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүг дахин нэг удаа чангалах төлөвлөгөөтэй байсан ч хэвээр үлдээснээр одоогийн 5.4 хувь дээд цэг болж үлдэх магадлал өндөр боллоо. Тиймээс ирэх онд хүүг бууруулах бодлогыг баримтлахаа илэрхийллээ. Тодруулбал, ирэх онд бодлогын хүүг 2 удаа бууруулна гэж төсөөлж байсан ч инфляцын үзүүлэлт таамаглаж байснаас таатай гарсан тул 2024 онд 3 удаа бууруулах таамаглал дэвшүүлсэн байна. Мөн ирэх онд ХНС-ийн гишүүд 4.6 хувь бууруулна гэж тооцоолж байна.
📌БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн бодлогыг боловсруулсан Эдийн засгийн ажлын хорооны бага хурал өндөрлөв. Чуулганаар БНХАУ-ын эдийн засгийн онцлох тэргүүлэх чиглэлд дараах бодлогыг баримтлахаар тусгажээ. Үүнд:
• Технологийн шинэчлэлээр шинэ үйлдвэрлэл, бизнесийн загварыг хөгжүүлэх
• Дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтыг тэлэх
• Шинэчлэлийг гүнзгийрүүлэх
• Эдийн засгийг нээлттэй болгох
• Өмчийн салбар, жижиг дунд бизнес, орон нутгийн засаг захиргааны нэгжийг өрийн хямралд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх
• Хөдөөгийн хөгжлийг дэмжих
• Хот, хөдөөгийн интеграцчлал хийх
• Ногоон буюу нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засгийг хөгжүүлэхээр тусгасан байна.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📈Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮3.7 тэрбумын арилжаа хийгдэж, 12 сарын 15-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10.2 их наяд болон өсөлттэй байв. Тоо ширхгээр ЛэндМН ББСБ ХК (LEND)-ийн 661,736ш хувьцаа, үнийн дүнгээр ХААН БАНК ХК (KHAN)-ийн хувьцаа ₮598 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +4.6%-иар, MSE A индекс +2.4%-иар, өсөлттэй хаагдсан бол MSE В индексийн хувьд -6.5%-иар уналттай хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: ЕВРОАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ ХК (SUN) +31.7%, ТАВАНТОЛГОЙ ХК(TTL) +21.4%, АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК (AARD) +18.5%.
⬇️TOP-3 уналт: ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС ХК (HML) -38.5%, ГУТАЛ ХК (GTL) -29.0%, ДАРХАН ХҮНС ХК (DHU) -15.0%.
📌Дотоодын анхны ногоон бондыг Хаан банк ХК амжилттай татан төвлөрүүллээ. Бондын тухайд 36 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, хагас жил тутамд хүү төлөх, ₮100,000 нэрлэсэн үнэтэй байх аж. Анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 12 сарын 11-ний өдөр эхэлсэн бөгөөд нийт 17 тэрбум төгрөгийг 40 хөрөнгө оруулагчаас татан төвлөрүүллээ.
__________________________________________
📈Америкийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын ХҮИ хүлээлтийн дагуу гарсны дээр ХНС бодлогын хүүг хэвээр үлдээн, ирэх онд бууруулах таамаглал дэвшүүлсний дараа индексүүд өсөлттэй хаагдав. Тухайлбал, технологийн Nasdaq Composite индекс нь +2.9%-иар, S&P 500 индекс +2.5%-иар, Dow Industrial Average индекс +2.9%-иар өссөн байна.
📈Европын хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Евро бүсийн хөрөнгийн зах зээл бага зэрэг өсөлттэй хаагдав. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс +0.9%-иар, Францын CAC 40 индекс +0.9%-иар, Германы DAX индекс +0.0%-иар, Их Британийн FTSE 100 индекс +0.3%-иар өсжээ.
📈Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл холимог хөдөлгөөнийг хийв. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng Index +2.7%-иар өссөн бол Хятадын Shanghai Composite Index -1.8%-иар, Японы Nikkei 225 индекс -0.2%-иар тус тус буурчээ.
__________________________________________
ЭНЭ 7 ХОНОГТ
2️⃣Мягмар. Евро бүсийн 11 сарын ХҮИ танилцуулагдана.
3️⃣Лхагва. Их Британийн 11 сарын ХҮИ танилцуулагдана.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3