ДОТООДЫН МЭДЭЭ
2023 оны төсөвт манай улс 50 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон ба 2023 оны 11 сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ 60 сая тоннд хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 10 сая тонноор давсан болохыг Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооноос мэдээлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2024 онд баримтлах мөнгөний бодлогын чиглэлийн тогтоолын төслийг баталлаа. Мөнгөний бодлогын онцлог заалтаас харахад 2024 онд банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр тусгасан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өргөн барилаа. 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2,418.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн ба гэр хорооллыг орон сууцжуулах, авто түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийхээр тусгажээ.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ
Open AI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас нь чөлөөлөөд байсан бол тус компанийн ажилчдын хүсэлтээр буцаан томилж ТУЗ-ийн гишүүдийг шинээр бүрдүүлэхээр болжээ.
Хятадын технологийн салбарын тэрбумтан Жак Ма хүнсний бизнест хөл тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрээр “Hangzhou Ma’s Kitchen Food” нэртэй компанийг Ханжоу хотдоо бүртгүүлсэн ба 10 сая юанийн ($1.4 сая) хөрөнгөтэй тус компанийг Жак Магийн хөрөнгө оруулалтын сан Hangzhou Dajingtou бүрэн эзэмшдэг ажээ. Шинэ компани савласан хоол хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлд ажиллахыг эх сурвалжууд мэдээлсэн байна. Мөн Alibaba групп зардлаа танахын тулд квант тооцооллын судалгааны төвөө хаасан байна.
Google компани 12 сарын 1-нээс эхлэн удаан хугацаанд ашиглагдаагүй Gmail хаягт хадгалагдсан хувийн мэдээллүүд, фото зургуудыг устгах болсныг зарлажээ.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Монголын хөрөнгийн зах зээл
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2023 оны 11 сарын 20-ноос 2023 оны 11 сарын 24-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 7 удаагийн нүүрсний, 5 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 125,177,536,617 төгрөгийн арилжаа хийсэн байна.
11 сарын 24-ний өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10.2 их наядын үнэлгээтэй байна. Арилжааны идэвхийн хувьд тоо ширхгээр Богд Банк ХК (BOGD)-ийн 1,927,451ш хувьцаа, үнийн дүнгээр Говь ХК (GOV)-ийн хувьцаа ₮460 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад -1.27 хувиар, MSE В индексийн хувьд -1.78 хувиар тус тус бууралттай хаагдсан бол MSE А индексийн хувьд +0.18 хувиар өсөлттэй хаагдсан байна.
TOP-3 өсөлт: ЖИДАКС (SOH) +15.0 хувь, ХӨВСГӨЛ (HVL) +14.99 хувь, СТАНДАРТ НООС (ALI) +14.99 хувь.
TOP-3 уналт: ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС (HML) -14.98 хувь, МОННООС (MNS) -14.86 хувь, ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА (ADU) -13.67 хувь.
“Монголын Финтек салбарын ууган компани “МОСТ ФИНТЕК” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 12 сарын 01-07-ны өдрүүдэд Монголын анхны хувийн бирж Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр явагдана.
“ОМНИ АССЕТ” ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.
Монголын дижитал төлбөрийн системд QPAY үйлчилгээг нэвтрүүлэгч Innovation Investment ХХК IPO хийх зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан ба анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 12 сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 сарын 08-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан явагдах аж.
__________________________________________
Америкийн хөрөнгийн зах зээл
Өнгөрсөн 7 хоногт АНУ-ийн зах зээл үргэлжилсэн өсөлтөө хадгаллаа. Үүнд инфляц буурч эхэлсэн, жижиглэн худалдааны салбарын гүйцэтгэл (Target Corporation (TGT)-ийн сайн тайлан) зэрэг мэдээллүүд голчлон нөлөөлсөн байна. Ийнхүү, S&P 500 индекс +0.99 хувь, Nasdaq Composite индекс нь +0.89 хувиар, Dow Jones Industrial Average индекс +1.27 хувиар тус тус өслөө.
Европын хөрөнгийн зах зээл
Европын хөрөнгийн зах зээлд мөн өсөлт ажиглагдаж, Европын STOXX Europe 600 индекс +0.49 хувийн өсөлттэй хаагдлаа. Энэ нь төв банкнаас 2024 оны эхнээс зээлийн хүүгээ бууруулж магадгүй гэх хөрөнгө оруулагчдын хүлээлт голчлон нөлөөллөө. Ийнхүү, Stoxx Europe 600 индекс +0.49 хувь, Их Британийн FTSE 100 индекс -0.21 хувь, Германы DAX индекс +0.69 хувь, Францын CAC 40 индекс +0.81 хувиар тус тус өсжээ.
Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрсөн 7 хоногт Японы Nikkei 225 индекс +0.12 хувиар өссөн бол Хятадын хөрөнгийн зах зээлийн хувьд Shanghai Composite индекс -0.44 хувиар унав. БНХАУ-ын хэрэгжүүлж бодлогын үр дүн хангалтгүй байна гэж хөрөнгө оруулагчид үзсэнтэй холбоотойгоор тус индекс унасан байна.