ДОТООД МЭДЭЭ
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Үндэсний баялгийн сан нь дотроо Хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийг одоо болон ирээдүйн иргэд тэгш хүртэх хөгжлийн бодлогыг зэрэгцсэн байдлаар тохируулахаар хуульд тусгаад байна.
Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж Монголбанкнаас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэжээ.
Мөнгөний нийлүүлэлт 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд /20.8 хувиар/ төгрөгөөр өссөн байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 оны эхний улирлын байдлаар 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
-Экспорт 2024 оны эхний улирлын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнө оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор /2.9 хувиар/ буурсан. Үүнд цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллароор, нүүрс 38.7 сая ам.доллароор, адууны мах 32.6 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор буурсан тус тус голлон нөлөөлжээ.
-Импорт 2024 оны эхний улирлын байдлаар 2.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнө оны мөн үеэс 474.7 сая ам.доллароор /24.5 хувиар/ өссөн үзүүлэлт юм. Үүнд, суудлын автомашин 119.1 сая ам.доллар, дизелийн түлш 76.3 сая ам.доллар, автобензин 52.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөг /51.3 хувиар/, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 7.3 их наяд төгрөгт хүрч, 2.5 их наяд төгрөгөөр /52.7 хувиар/ өсжээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээний хувьд 5.7 их наяд төгрөгт хүрч, улсын төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ
04 сарын 13-нд Иранаас Израйл руу 300 гаруй дрон, пуужин харвасан бөгөөд 4 сарын 19-нд Израилийн армийн зүгээс пуужингийн хариу цохилт өгснөөр алт, газрын тосны үнэ 1 цагийн дотор 3 хувиар өсжээ.
БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ орны нэгдүгээр улиралд 5.3 хувиар өссөн нь 4.8 хувиар өсөх шинжээчдийн хүлээлтийг давлаа. Эрх баригчдын зүгээс энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 5 орчим хувьд хадгалахыг зорьж буй энэ үед нэгдүгээр улиралд давуулан биелүүлжээ.
________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮3.5 тэрбумын арилжаа хийгдэж, 04 сарын 19-ний өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮10.9 их наяд болон тогтвортой байв. Тоо ширхгээр МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК (MSE)-ийн 3,076,274ш хувьцаа, үнийн дүнгээр МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК (MSE)-ийн хувьцаа ₮691.52 сая төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +1.7%-иар, MSE A индекс +1.4%-иар өссөн бол MSE В индексийн хувьд -2.1%-иар уналттай хаагдсан байна.
TOP-3 өсөлт: БУЛИГААР ХК(MBG) +15.9%, ХӨВСГӨЛ ХҮНС ХК(HHS) +15.0%, ТЭЭВЭР ДАРХАН ХК (TEE) +15.0%.
TOP-3 уналт: ТЕХНИК ИМПОРТ ХК (TEX) -15.0%, МОНИНЖБАР ХК (MIB) -14.2%, ГЕРМЕС ЦЕНТР ХК (HRM) -10.6%.
“ХААН БАНК” ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах зөвшөөрлийг Монголбанкнаас олгов. Ингэснээр Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 2-р сарын 15-ны өдрийн 4 тоот тогтоолд зааснаар Зохицуулагч байгууллагаас зөвшөөрснөөс ажлын 5 хоног буюу 2024 оны 4-р сарын 25-ны дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болж байна.
__________________________________________
Америкийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Иран болон Израйлын дунд үүссэн мөргөлдөөнөөс үүдэн зах зээлд уналт давамгайлав. Тухайлбал, технологийн Nasdaq Composite индекс нь -5.52%-иар, S&P 500 индекс -3.05%-иар тус тус буурсан бол Dow Industrial Average индекс +0.01%-иар өссөн байна.
Европын хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Евро бүсийн хөрөнгийн зах зээл уналттай хаагдав. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс -1.19%-иар, Францын CAC 40 индекс -0.40%-иар, Германы DAX индекс -1.44%-иар буурсан бол Их Британийн FTSE 100 индекс +0.07%-иар өссөн байна.
Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн бүсийн хөрөнгийн зах зээл уналттай хаагдав. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng Index -0.58%-иар, Хятадын Shanghai Composite Index -0.42%-иар, Японы Nikkei 225 индекс -4.57%-иар тус тус буурсан байна.
__________________________________________
ЭНЭ 7 ХОНОГТ
Пүрэв. АНУ-ын 1-р улирлын ДНБ-ийг танилцуулна.
Баасан. Японы Төв банкны бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна.