ДОТООД МЭДЭЭ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 02 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт өмнөх оны мөн өсөлтөөс 5.2 хувиар буурсан. Инфляцын түвшин 7.0 хувьтай гарсны 2.9 хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.7 хувийг хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.7 хувийг боловсролын бүлэг, 0.9 хувийг бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 оны эхний хоёр сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсан байна.
-Экспорт 2024 оны эхний 2 сарын байдлаар 2.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнө оны мөн үеэс 8.9 сая ам.доллароор буурсан/0.4 хувиар/ байна. Үүнд, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 125.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 56.3 сая ам.доллароор буурсан тус тус голлон нөлөөлжээ.
-Импорт 2024 оны эхний 2 сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнө оны мөн үеэс 397.2 сая ам.доллароор буурсан байна. Үүнд, суудлын автомашин 92.0 сая ам.доллар, автобензин 44.2 сая ам.доллар, дизелийн түлш 34.0 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 26.0 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг /78.4 хувиар/, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрч, 2.3 /83.1 хувиар/ өсжээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээний хувьд 3.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулан 12 хувьд хүргэх, малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах шийдвэрийг гаргалаа.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ
АНУ-ын Хэрэглээний Үнийн Индекс(ХҮИ) 02 сарын байдлаар шинжээчдийн хүлээлтэд хүрэлгүй өмнө жилийн мөн үеэс 3.2 хувиар, өмнө сараас 0.4 хувиар өссөн байна. Хүнс, түлш зэргийг хасаж тооцсон жилийн үндсэн үзүүлэлт 3.9 хувиас 3.8 хувь болон буурсан ч шинжээчдийн хүлээлтээс өндөр хэвээр байна. ХҮИ-ийг танилцуулсны дараа “S&P500 index”-д бүртгэлтэй хувьцааны ханш буурч, үнэт цаасны зах зээл савлав.
_________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮71.1 тэрбумын арилжаа хийгдэж, 03 сарын 15-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.5 их наяд болон тогтвортой байв. Тоо ширхгээр ГОВЬ ХК (GOV)-ийн 257,553,311ш хувьцаа, үнийн дүнгээр ГОВЬ ХК (GOV)-ийн хувьцаа ₮65.7 тэрбум төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +0.9%-иар өссөн бол MSE A индекс -0.3%-иар, MSE В индексийн хувьд -0.3%-иар уналттай хаагдсан байна.
TOP-3 өсөлт: МАНДАЛ ДААТГАЛ ХК(MNDL) +35.3%, ЖИДАКС ХК(SOH) +32.0%, УЛААНБААТАР ХИВС ХК (UBH) +15.0%.
TOP-3 уналт: БУЛИГААР ХК (MBG) -15.5%, УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ХК (UID) -9.9%, ТЭНГЭРЛЭГ МЕДИА ГРУПП ХК (TNGR) -9.4%.
Говь ХК-ийн 257.4 сая ширхэг хувьцааг арилжаалсан бөгөөд энэ нь тухайн компанийн 33 хувьтай тэнцэж байна. Говь ХК-ийн хяналтын багцаас Таван Богд Холдингс ХХК 51.29%, HIDE INTER LLC 34%-ийг эзэмшдэг ба аль нэг нь 255 төгрөгөөр үнэлэн хувьцааны багцыг арилжаалжээ.
__________________________________________
Америкийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Хэрэглээний үнийн индекс шинжээчдийн хүлээлтээс өндөр гарсан, бусад эдийн засгийн үзүүлэлтүүд ч хүлээлтээс муу гарч буй зэргээс үүдэн долоо хоногийн сүүлээр уналт үзүүлэв. Тухайлбал, технологийн Nasdaq Composite индекс нь -0.70%-иар, S&P 500 индекс -0.02%-иар, Dow Industrial Average индекс -0.14%-иар буурсан байна.
Европын хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Евро бүсийн хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдав. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс +0.3%-иар, Францын CAC 40 индекс +1.7%-иар, Германы DAX индекс +0.7%-иар өссөн бол Их Британийн FTSE 100 индекс +0.9%-иар тус тус өссөн байна.
Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн бүсийн хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдав. Тухайлбал, Үүнд, Хонконгийн Hang Seng Index +1.1%-иар, Хятадын Shanghai Composite Index +0.2%-иар, Японы Nikkei 225 индекс +2.3%-иар тус тус өссөн байна.
__________________________________________
ЭНЭ 7 ХОНОГТ
Даваа. Евро бүсийн 02 сарын ХҮИ танилцуулагдана.
Мягмар. Канадын 02 сарын ХҮИ танилцуулагдана.
Пүрэв. АНУ-ын ХНС-ийн бодлогын хүүгийн түвшнийг танилцуулна.