ДОТООДЫН МЭДЭЭ


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮266 буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ ₮285,000 ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 388.9 сая ам.долларын ашигттай гарлаа. Үүнээс экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 0.9 тэрбум ам.доллар байв.

Мөн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг, нийт зарлага 2.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд төсвийн тэнцэл 0.7 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
________________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ


АНУ-ын 01 дүгээр сарын Хэрэглээний Үнийн Индекс 3.1 хувьтай гарсан нь шинжээчдийн хүлээлт болох 2.9 хувиас өндөр гарлаа. Ингэснээр зах зээл уналттай хаагдсан бөгөөд Dow Jones индекс 1.35 хувиар, S&P 500 индекс 1.37 хувиар, Nasdaq индекс 1.8 хувиар унаж хаагдсан байна.

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт уналтад орж, хэрэглэгчийн зарцуулалт багассан, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сул, санхүүгийн тогтворгүй байдал зэргээс үүдэн “MSCI” компани БНХАУ-ын 66 компанийг “MSCI China Index”-ээс хасахаар болсон нь сүүлийн хоёр жилд тус индексээс хамгийн олон компанийг зэрэг хасагдсан тохиолдол боллоо.

Евро бүсийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт жилийн дүнгээр 0.1 хувиар, өмнөх улирлаас өөрчлөлтгүй гарсан байна. Харин Япон улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний улирлын өсөлт 0.1 хувиар бууралттай гарсан нь шинжээчдийн хүлээлт болох 0.2 хувиар өсөх хүлээлтэд хүрсэнгүй ээ.
________________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ


Монголын хөрөнгийн зах зээл
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт ₮4.0 тэрбумын арилжаа хийгдэж, 02 сарын 16-ы өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.9 их наяд болон өсөлттэй байв. Тоо ширхгээр, БОГД БАНК(BOGD) -ийн 23,135,050ш хувьцаа, үнийн дүнгээр БОГД БАНК(BOGD) ₮2.0 тэрбум орчмоор идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +4.9%-иар, MSE A индекс +4.6%-иар, MSE B индексийн хувьд +3.9%-иар тус тус өсөлттэй хаагдсан байна.

TOP-3 өсөлт: ГУТАЛ(GTL) +30.8%, ХӨХ ГАН(HGN) +19.9%, ТАВАН ТОЛГОЙ(TTL) +16.8%.

TOP-3 уналт: ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС(AMT) -22.7%, МОНГОЛ АЛТ(ERS) -14.8%, МЕРЕКС(MRX) -13.5%.

Жилийн эцсийн тайлан зарлаж дуусах хугацаа дуусах дөхөж буйтай холбоотойгоор ногдол ашгийн мэдээнүүд зарлагдаж эхлээд байна. Тухайлбал, “Голомт банк” ХК цэвэр ашгийн 40 хувийг, нэгж хувьцаанд ₮90 тараахаар шийдвэрлэжээ. “Хаан банк” ХК-ийн тухайд цэвэр ашгийн 48.5 хувийг, нэгж хувьцаанд ₮141.73 төгрөг тараах зэрэг шийдвэрүүд зарлагдаад байна.

Америкийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч 7 хоногт Америкийн хөрөнгийн зах зээл бууралттай долоо хоног болж өнгөрлөө. Тухайлбал, Nasdaq Composite индекс -1.3%, Dow Industrial Average индекс -0.1%, S&P 500 индекс -0.4%-иар уналттай хаагдав.

Европын хөрөнгийн зах зээл
Европ бүсийн хувьд өсөлттэй долоо хоног болж өнгөрөв. Үүнд, Европын STOXX Europe 600 индекс +0.8%, Германы DAX индекс +0.1%, Францын CAC 40 индекс +0.8%, Их Британийн FTSE 100 индекс +2.0%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Азийн хөрөнгийн зах зээл
Азийн бүсийн хөрөнгийн зах зээл өсөлттэй долоо хоног болж өнгөрөв. Японы Nikkei 225 индекс +4.3%, Хятадын Shanghai Composite Index +6.6%, Хонконгийн Hang Seng индекс 2.6% тус тус өссөн үзүүлэлттэй байна.