ДОТООД МЭДЭЭ
Инфляц 2024 онд алгуур буурах хүлээлттэй байна. Тодруулбал, инфляц 2023-2025 оны эцэст харгалзан 9.2%, 8.7%, 7.7% байх төсөөлөлтэй байгааг МонголБанкны 12 сарын инфляцын тайланд дурджээ.
2024 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуульд орсон онцлох өөрчлөлтүүд.
1. Өндөр настны тэтгэврийг жил бүрийн 1 сарын 1-нээс нэмнэ.
2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн хүн өндөр насны тэтгэвэрт өөрийн сонголтоор гарч болно.
3. Өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцон нөхөр/эхнэрийн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.
4. 1960 оноос өмнө төрсөн бол Цалинд үндэслэсэн арга, 1979 оноос хойш төрсөн бол Тэтгэврийн даатгалын нэрийн дансны арга, 1960-1979 оны хооронд төрсөн бол аль нэг аргыг өөрөө сонгож тэтгэврээ тооцуулна.
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин ард иргэддээ шинэ оны мэнд дэвшүүлэхдээ Тайваныг Хятадад нэгтгэх нь зайлшгүй юм гэж мэдэгджээ.
Өнгөрсөн 7 хоногт ОХУ, Украин улс дайны олзлогдогсдыг солилцсон нь 2022 оны 2-р сараас хойших хамгийн том олзлогдогсдыг сулласан явдал боллоо. Энэ хооронд Европын холбоо Оросын хамгийн том алмаз үйлдвэрлэгчид хориг арга хэмжээ авав.
АНУ-ын 22 мужид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ. Тодруулбал, Вашингтон мужид цагийн хөлс $16.28 болсноор хамгийн өндөр үнэлгээтэй байна.
Японд хэд хэдэн газар хөдлөлт болж, хамгийн том нь 7.6 магниудын хүчтэй байсан бөгөөд 100,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол хамгийн багадаа 126 хүн амь үрэгджээ.
Европын Холбооны статистикийн албаны мэдээлснээр 2022 онд Европын холбооны хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүчний хэрэглээнд эзлэх хувь 23%-д хүрчээ. Үүнээс Швед улс хэрэглээнийхээ 67%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаснаар тэргүүлж байна.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Америкийн хөрөнгийн зах зээл
Хөрөнгө оруулагчид өнгөрсөн оны хувьд гүйцэтгэл муу байсан салбаруудын хувьцаагаа зарж эхэлсэн, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн 12-р сарын хурлын протоколд хүүг таамаглаж байснаас хожуу бууруулах санал гарсан зэрэгтэй холбоотойгоор зах зээл уналттай хаагдлаа. Мөн БНХАУ болон Тайвань, Улаан тэнгис дэх хурцадмал байдал зэрэг геополитикийн асуудлууд зах зээлийн тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлэв. Үр дүнд нь, технологийн Nasdaq Composite индекс нь -1.12%-иар, S&P 500 индекс -0.13%-иар, Dow Industrial Average индекс -0.02%-иар тус тус унажээ.
ОНЦЛОХ ХУВЬЦАА
Microsoft (MSFT) -н GPT-4 болон Dall-E3 загваруудаар тоноглогдсон Copilot аппыг iPhone хэрэглэгчид ашиглах боломжтой боллоо. Мөн 30 жилийн дараа анх удаа тус компани keyboard оо шинэчилж, Copilot AI туслахдаа зориулсан товчлууртай болох гэнэ.
Азийн хөрөнгийн зах зээл
Япон Улсад болсон газар хөдлөлтийн дараа нийлүүлэлтийн сүлжээ, ялангуяа хагас дамжуулагчийн үйлдвэрлэл тасалдсан, мөн Төвбанк нь сөрөг хүүгийн бодлогоос гарах хугацаа хойшлогдож болзошгүй талаар мэдэгдэв. БНХАУ-ын Худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 3 сар дараалан буурсан, шинэ орон сууцны борлуулалт 12-р сард 34.6%-иар буурсан зэргээс үүдэн Shanghai Composite Index -2.3%-иар буурсан бол Японы Nikkei 225 индекс +1.18%-иар өсчээ.