2023 он улиран өнгөрч 2024 он аль хэдийн хаалга тогшоод иржээ. Он солигдсон өнгөрсөн 7 хоногт зах зээл дээр юу болсон талаар тоймлон хүргэе.
ДОТООД МЭДЭЭ🇲🇳
📌2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, 2024 онд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтын талаар УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцууллаа. Түүнээс онцолбол хэрэглээний зээлийн өсөлт 30 хувь байгаа бол бизнесийн зээлийн өсөлт 1 хувь байгааг дурдсан ба цаашид хэрэглээний зээлийг саармагжуулах бодлогын арга хэмжээ авна гэж дурджээ.
📌Сангийн яам болон СЗХ-оос Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ба тухайн хуулиар ББЗЗ болон биржийн зах зээлийн ялгааг илүү тодотгож, биржийн бус зах зээл дэх бондуудыг хоорондоо худалдах зориулалттай санхүүгийн хэрэгсэл гэж тооцохоор тусгажээ. Мөн Хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг ялгаж буй аж.
📌Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийн хэлцлийг хаасан байна. Үүнээс өмнө хоёр Төв банкны хооронд байгуулсан 15 тэрбум юанийн гэрээг 2026 он хүртэл буюу гурван жилээр сунгасан билээ.
📌2024 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн дараах хуулиуд хэрэгжиж эхэллээ. Үүнд:
Нийгмийн даатгалын багц хууль
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах, авах тухай хууль /шинэчилсэн найруулга/
-Төр, хувийн хэвшлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
-Бусад хууль /Төмөр замын тээврийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудын шинэчилсэн найруулгууд/
__________________________________________
ДЭЛХИЙН МЭДЭЭ🌏
📌АНУ-ын Олон Улсын Худалдааны Хороо (ITC) оюуны өмчийн маргаантай холбогдуулан Apple компанийн сүүлийн үеийн загварын ухаалаг бугуйн цагнуудыг тус улсын зах зээлд худалдаалахыг хориглолоо. ITC байгууллагын шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 12 сарын 25-ны дотор хориг тавих хуулийн хугацаатай байсан юм. Гэвч заагдсан хугацаанд ерөнхийлөгч хориг тавиагүй тул 26-ны өдрөөс эхлэн шийдвэр хүчин төгөлдөр болж байна.
📌2024 онд дэлхийн 60 гаруй улсад чөлөөт сонгууль болох ба 2048 он хүртэл дахин ийм олон сонгууль давхцахгүй хэмээн АНУ-ын Integrity Institute стратегийн судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ. Эдгээр 60 гаруй улсад дэлхийн хүн амын тэн хагас буюу дөрвөн тэрбум хүн амьдардаг байна. 2024 оны сонгуулиуд ойрын хэдэн жилийн геополитикийн төлөв байдалд хүчтэй нөлөө үзүүлэхийг судлаачид онцолж байна.
📌Хятадын Үндэсний Хэвлэл, Хэвлэлийн Захиргаа төрөл бүрийн тоглоомд хэрэглэгчдийн өдөр бүр нэвтэрч орох эрхийг хориглох дүрмийн төслийг танилцуулсан байна. Энэхүү шийдвэр нь тоглоомын салбарын томчуудаас илүү жижиг хөгжүүлэгчдийг хохироохын зэрэгцээ онлайн сурталчилгааны орлогыг бууруулахаар байна гэж шинжээчид харж байна. Үүний дараа Tencent, NetEase, Bilibili зэрэг компаниудын хувьцааны ханш жилийн хамгийн доод түвшиндээ хүрч унасан байна.
__________________________________________
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ📊
📈Монголын хөрөнгийн зах зээл
2023 онд Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд олон рекордоо эвдсэн жил болов. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний 20.8 хувь хувьд хүрсэн ба мөн нийт арилжаа түүхэн дээд хэмжээнд буюу 8.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн системийн нөлөө бүхий 5 банкны IPO амжилттай өндөрлөж, хамгийн анхны ногоон бондыг арилжаалж эхэлсэн үйл явдлууд энэ оны онцлох хэсгүүд байлаа.
Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮14.9 тэрбумын арилжаа хийгдэж, 12 сарын 28-ны өдрийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.6 их наяд болж өсөлттэй хаагдав. Тоо ширхгээр AПУ ХК (APU)-ийн 3,625,489ш хувьцаа, үнийн дүнгээр ИНВЕСКОР ББСБ ХК (INV)-ийн хувьцаа ₮4.9 тэрбум төгрөгөөр хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.
TOP 20 индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад +6.63 хувиар, MSE A индекс +8.3 хувиар, MSE В индекс +1.1 хувиар тус тус өсөлттэй хаагдсан байна.
⬆️TOP-3 өсөлт: КРИПТО ҮНДЭСТЭН ХК (CNF) +49.48 хувь, БОДЬ ДААТГАЛ ХК(BODI) +27.85 хувь, ТЭНГЭРЛЭГ МЕДИА ГРУПП ХК (TNGR) +26.58 хувь.
⬇️TOP-3 уналт: НАКО ТҮЛШ ХК (NKT) -14.46 хувь, ОРХОНДАЛАЙ ХК (ORD) -12.31 хувь, СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП ХК (BBD) -10.98 хувь.
📌“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
__________________________________________
📈Америкийн хөрөнгийн зах зээл
S&P 500 индекс 2024 оны сүүлийн 7 хоногт өсөлт үзүүлснээр 2004 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн өсөлт болсон байна. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх гол 3-н индекс 2023 онд бүгд өндөр өсөлттэй хаагдлаа. Технологийн Nasdaq Composite индексийн хувьд 1971 он буюу индекс бий болсноос хойших 6 дахь хамгийн өндөр өсөлтийг 2023 онд үзүүллээ.
📈Европын хөрөнгийн зах зээл
Төв банкнууд бодлогын хүүгээ 2024 онд бууруулах хүлээлт зах зээлд бий болсны улмаас Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өсөлттэй хаагдлаа. Тухайлбал, Stoxx Europe 600 индекс +0.3 хувиар, Германы DAX индекс +0.27 хувиар өссөн бол Францын CAC 40 индекс -0.34 хувиар, Их Британийн FTSE 100 индекс -0,01 хувиар тус тус буурсан байна.
📈Азийн хөрөнгийн зах зээл
Өнгөрөгч долоо хоногт Азийн хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдав. Тухайлбал, Үүнд, Хятадын Shanghai Composite Index +2.06 хувиар, Японы Nikkei 225 индекс +0.89 хувиар тус тус өссөн байна.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3