Зах зээлийн 7 хоногийн тойм 5/30-6/03

Эдийн засгийн мэдээ:

  • Энэ оны 5 сарын байдлаар нийт 13 мянган зээлдэгчийн 824 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирснээс 2.3 мянган өрхийн 187 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Гэсэн хэдий ч банкнууд үлдсэн зээлийн хүсэлтийг нь хүлээж авч чадахгүйд хүрээд байгааг “МИК” мэдэгдлээ. Учир нь өмнөх зээлдэгч нарын эргэн төлөлтөөр шинэ зээлийг санхүүжүүлдэг бөгөөд цар тахлын үеэр төлөлтийг нийт 5 удаа хойшлуулсан нь зээлийн эх үүсвэр хумигдахад хүргэжээ.
  • JP Morgan-ий CEO New York-д болсон Стратегийн шийдвэрийн хурал дээр эдийн засагт хямралын хар шуурга ирж байгааг санууллаа. Үүнд 2 хүчин зүйл голлон нөлөөлж байгаа бөгөөд нэг нь Америкийн төв банкны мөнгөний хумих бодлого, нөгөө нь Орос Украйны дайн гэжээ. Тэрээр “Би өмнө нь шуурганы үүл байна аа гэж хэлсэн дээ, гэхдээ одоо Хар шуурга болгож өөрчиллөө” “Хар шуурга яг бидний өмнөөс ирж байна. Жижигхэн үү эсвэл маш хүчтэй нь үү гэдгийг л мэдэхгүй байна. Хүн болгон үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээсэн байна.
  • ОХУ дэлхийн үр тарианы экспортоор тэргүүлэгч орон бөгөөд 13.1%-ийг дангаараа нийлүүлдэг бол Украйн 8.5%-ийг нийлүүлдэг . Орос Украйны дайны улмаас Украйн улс үр тариагаа экспортод гаргах дэд бүтцийн боломжгүй болсон, нөгөө талд ОХУ улсын зүгээс хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэн 8-р сарыг дуусах хүртэл хугацаанд үр тарианы экспортод хязгаарлалт тогтоосон. Үүнээс улбаалан Украйн болон ОХУ-аас үр тариа импортлодог Араб, Төв Ази, Африкийн хэд хэдэн улс орнуудад үр тарианы хомсдол үүсч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт үргэлжлэх магадлал өндөр байна.

Олон улсын хөрөнгийн зах зээл:

  • JPMorgan-ий хар шуурганы талаарх сануулга, Tesla-ийн ажилчдынхаа 10%-ийг цомхотгож магадгүй гэсэн шуудан, Fidelity Investments-ийн зүгээс Reddit болон Stripe тэргүүтэй технологийн компаниудад дахь эзэмшилээ бууруулсан зэрэг мэдээллүүд хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн 7 хоног байлаа. Үүний үр дүнд DJIA-ийн индекс -9.46%-иар (32,899.70), S&P 500 -13.78%-иар (4,109.50) тус тус унасан байна.
  • Хатан хаан II Елизабетийн хаан ширээнд суусны 70 жилийн ойг тохиолдуулан Их Британийн зах зээл эрт хаагдсаны улмаас Европын хувьцааны ханш бага зэрэг буурчээ. Хөрөнгө оруулагчид инфляцийн өсөлт, эдийн засгийн удаашралт, Орос Украйны дайн зэрэгт санаа зовсон хэвээр байгааг Европийн хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэлээс харж болохоор байна. Тухайлбал, STOXX Europe 600 индекс 0.87%-иар буурсан бол, Францын CAC 40 индекс 0.47%-иар , Италийн FTSE MIB 1.91%-иар мөн буурчээ.
  • БНХАУ-д Ковидын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ч эдийн засаг, үйлдвэрлэлээ сэргээх шаардлагаас болж ковидын эсрэг аваад байсан хатуу бодлогоо цуцлахаар болсоноор Хятадын хувьцааны зах зээл өнгөрсөн долоон хоногт өсөлттэй хаагдлаа. Тухайлбал, Шанхайн нэгдсэн индекс ойролцоогоор 2.1%-иар өссөн бол CSI 300 индекс 2.2%-иар өсчээ.
  • Японы хөрөнгийн зах зээл ч мөн өнгөрсөн долоо хоногт өсөлттэй байсан бөгөөд Nikkei 225 индекс 3.66%-иар, TOPIX индекс 2.43%-иар тус тус өссөн байна. Үүнд, Японы хилийн хатуу хяналтыг зөөлрүүлэх бодлого, нөгөө талд Хятадын эрх баригчид коронавирусын эсрэг хатуу бодлогоо зогсоох шийдвэр гаргасан нь нөлөөлжээ.

Монголын хөрөнгийн зах зээл:

  • Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасны нийт 595,063,456.06 төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд үүнээс хувьцааны хоёрдогч зах зээлд нийт 55 компанийн 1,769,638 ширхэг хувьцаа 526,829,121 төгрөгөөр арилжаалагдсан байна. Арилжааны идэвхээр АПУ ХК-ийн хувьцаа хамгийн их дүнгээр буюу нийт 99,794,810 төгрөгөөр арилжаалагдсан байна.
  • ТОП-20 индекс +0.11%-иар өсч 33,998.05 нэгж хүрлээ. Үүнд, Инвескор ББСБ-ийн ханш 0.69%-иар, Лэндмн ББСБ-ийн ханш +0.89%-иар, Говь-ийн ханш +0.48%-иар, Түмэн шувуут-ийн ханш +0.22%-иар өссөн нь нөлөөлжээ. Харин МSE-А индекс болон МSE-В индекс тус тус 0.28%, 0.25% -иар тус тус унасан байна.

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН:

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Сольюшинс” ХК олон нийтэд нэмж хувьцаагаа гаргахаар болжээ. Тэд энэ удаад компанийхаа 9.5%-ийг олон нийтэд санал болгож байгаа бөгөөд ингэхдээ 16.6 сая ширхэг хувьцааг 108₮-өөр санал болгож нийт ₮1.8 тэрбумыг татан төвлөрүүлэх аж.

ОНЦЛОХ МЭДЭЭ:

Судалгаагаар ажлын 8 цагийн зөвхөн 3 цагийг л ажилчид үр бүтээлтэй өнгөрүүлдэг бөгөөд ажлын өдрийг 4 хоног болгон өөрчилсөнөөр ажилчдын бүтээмж 40%-иар нэмэгдсэн байна. Гэтэл өнгөрөгч Мягмар гарагт, Элон Маск Теслагийн ажилчид долоо хоногт доод тал нь 40 цаг оффис дээр өөрийн биеэр байж ажиллах ёстой гэсэн утга бүхий email ажилчид руугаа явуулжээ. Email-д хэлэхдээ “Хэрвээ ажил дээрээ үзэгдэхгүй бол, өөрийн дураар ажлаас гарсан гэж бид ойлгох болно”, “Албан тушаал чинь өндөр байх тусмаа чи илүү их ажил дээрээ харагдах ёстой” хэмээжээ.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3