Зах зээлийн 7 хоногийн тойм 5/16-5/20

Эдийн засгийн мэдээ:

  • БНХАУ-ын Эрээн хот 2022 оны 5-р сарын 20-ны өдрөөс эхлэн задгай вагоноор нүүрс импортлож эхлэхээр болжээ. Улмаар манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлөх боломжтой юм.
  • ОУ-ын FITCH агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу “Тогтвортой” хэвээр үлдээснээ зарлалаа. Учир нь 2023 онд хил гаальтай холбоотой худалдааны тасалдал багасаж, барааны эргэлт нэмэгдэж, экспортын гол түүхий эдийн үнэ өндөр хэвээр байна гэх шалтгаануудаар манай улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж таамаглаж байгаа аж.
  • Шри Ланка улс $50.0 тэрбум ам долларын өрийн хүүгийн төлбөр болох $78.0 сая ам долларыг төлөх эх үүсвэргүй болсны улмаас тус улсын Төв банкны Ерөнхийлөгч 5-р сарын 19-ны өдөр дефолт буюу төлбөрийн чадваргүй болсоноо зарлалаа. Пандемик, газрын тос, энергийн үнийн өсөлт зэрэг олон хүчин зүйлс тус орны эдийн засгийг туйлдуулсан хэдий ч өнөөгийн нөхцөл байдал нь үе үеийн засгийн газрууд эдийн засгийн хариу арга хэмжээ аваагүй, хэрэгцээгүй, үр ашиггүй төслүүдийг зээлээр санхүүжүүлснээс үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
  • Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 5 сарын 22-ны өдрөөр 3119.92 төгрөг болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш 270.99 төгрөгөөр буюу 9.5%-иар суларчээ.
  • Хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 21.1 хувьд хүрчээ. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 12.5% тай байна.

Олон улсын хөрөнгийн зах зээл:

  • АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн 7 хоногт мөн адил уналтаа үргэлжлүүллээ. S&P500 index 3.05%, Dow jones industrial average 2.9%, Nasdaq composite 0.3% тус тус буураад байна. Инфляцийн төвшин нэмэгдэж, бодлогын хүү өссөнөөс хүмүүс хэрэглээгээ танахад хүрж, үүнээс үүдэн жижиглэн худалдаа эрхлэгч компаниудын борлуулалтын орлого буурч, хувьцааны ханш нь унаснаар энэ 7 хоногийн уналт үүслээ.
  • Орос Украйны асуудлаас болж үүсээд буй эдийн засгийн тодорхойгүй байдал болон эрчим хүч, хүнсний салбарын үнийн өсөлтөөс үүдэн Европын хувьцааны зах зээл өнгөрсөн 7 хоногт уналттай байлаа. Тухайлбал, “STOXX Europe 600 Index” 0.55%, “Germany’s DAX Index” 0.33%, “France’s CAC 40 Index” 1.22%, “UK’s FTSE 100 Index” 0.24%-ийн тус тус бууралттайгаар долоо хоногийг үдлээ.
  • Өнгөрсөн 7 хоногт Японы зах зээлийн индексүүд “Nikkei 225 Index” 1.18%, “TOPIX Index” 0.71%-ийн тус тус өсөлттийг үзүүлжээ. Энэхүү өсөлт нь Японы засгийн газрын хилийн хяналтыг бууруулах шийдвэртэй холбоотой. Шийдвэрийн үр дүнд 10 жилийн хугацаатай Японы засгийн газрын бонд 0.24-иас 0.23% болж буурсан бол долларын эсрэг иены ханш мөн чангарсан байна.
  • БНХАУ-ын хувьцааны зах зээл мөн өнгөрсөн 7 хоногт эерэг гарч “Shanghai Composite Index” 2.0%, “CSI 300 Index” 2.2%-ийн өсөлтийг үзүүлжээ. Үүнд БНХАУ-ын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжихээр бодлогын хүүгээ бууруулах бодлого баримтлахаар болсон нь нөлөөлсөн байна.

Монголын хөрөнгийн зах зээл:

  • Өнгөрөгч Баасан гарагт хөрөнгийн захын гол индексууд буурсан ба үүнээс ТОП-20 индекс -0.57% (-199.23 нэгж)-иар буурсан байна. Түмэн шувуутийн ханш -3.83%-иар, Лэндмн ББСБ-ийн ханш -3.85%-иар, Ард даатгалын ханш -3.26%-иар, Инвескор ББСБ-ийн ханш -0.66%-иар тус тус унасан нь ТОП-20 индексийн бууралтад нөлөөлжээ.
  • Өнгөрөгч 7 хоногт Монголын Хөрөнгийн бирж дээр нийт 2.2 тэрбум төгрөгний арилжаа хийгджээ. Үүнээс, хамгийн олон тоогоор Ард кредит БСББ ХК-ийн 348,239 ширхэг хувьцаа, хамгийн өндөр дүнгээр Баянгол зочид буудал ХК-ийн хувьцаа 136.5 сая төгрөгөөр тус тус арилжигджээ.
  • Сентрал Экспресс Си Ви Эс компанийн 6.1 сая ширхэг хувьцаа 1.27 тэрбум төгрөгөөр арилжигдлаа. Хэлцлийн нэгж хувьцааг 208.0₮-ийн ханш дээр хийсэн бөгөөд зах зээлийн ханш нь 199.09₮ байсан юм. Энэ мэт компанийн гол хөрөнгө оруулагчид сүүлийн хэдэн сар хувьцаагаа зах зээл дээрээс худалдан авсаар байгаа бөгөөд нийтдээ 2.5 сая ширхэгийг худалдан аваад байна.
  • Өнгөрсөн 7 хоногт мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 375 ширхэг бондыг нийт 110’973,164 төгрөгөөр арилжаалав.

ОНЦЛОХ МЭДЭЭ:

Богд банк энэ оны 1-р улирлын санхүүгийн үр дүнгээ танилцуулав. Үүнд хүүгийн орлого 8.3 тэрбум хүрч өмнөх оны мөн үеэс 53% бол цэвэр ашиг 3.0 тэрбум хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад -40.5%-иар буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр хүүгийн цэвэр орлогын хэмжээ 2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 5.1 тэрбум төгрөг болсон хэдий ч хүүгийн бус зардал 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй үүдэн ашигт ажиллагаа буурчээ.
2021 оны 4 сард 351.12₮-т хүрч түүхэн дээд ханшаа тогтоож байсан Ард кредит ББСБ компанийн хувьцаа 2022 он гарснаас хойш -56.96%-иар унаж өнгөрөгч баасан гарагт 95.65₮-ийн ханш дээр хаагдлаа.

It is not enough to save, invest to earn more.

Are you ready to start?

ashidasset-client-3